Wednesday, July 15, 2009

Жаргалтай хүүхэд нас





















Хүүхэд насанд хүргэж өгдөг ямар ч хамаагүй арга байдагсан бол ганц удаа ч болов дахиад очихсон. Эсвэл Харри Поттер шиг ой санамжаараа дахиад нэг аялах юмсан. Хүүхэд байхад ойлгохгүй л дууг нь дуулаад явдаг байжээ.
Бодох санах юмгүй, гэдэс цатгалан л бол мөрөөрөө, цайлган сайхан цаг байж. Одоо бодоход хамгийн гэгээтэй дурсамж, хөгжил хөөр тэнд л байдаг. Тэр дундаа байгалийн сайхан хөдөө нутагт дураараа тоглож өссөн тэр үе хамгийн содон.
Хонио хариулж байгаад хурга ишгээ нийлүүлээд, эмээгээсээ айсандаа голын эрэгт нуугдаж, бороо орох бүрт баярлан, гэрээ ёс юм шиг нүцгэн тойрч гүйгээд л, өвөлжөө хашаанд нуугдаж тоглоод л... Шинэ төллөсөн төл бүрийг өөртөө зүслээд, бяцхан зүрхэндээ бусдыг хайрлах хайрыг бий болгоно.
Буруу юм хийгээд бангадуулах нь олонтаа. Тэр үедээ гомдоод л мартчихна. Дараа нь хашрахгүй дахиад л давтана... Ийм л нэг хөдөөний улаан хацартай, эмээгийн охин байжээ би.
Байгалтайгаа ойрхон өссөн болоод ч тэрүү, одоо хөгшин хүн шиг хөдөө гарах юмсан гээд л үглэнэ. Байгаль, хүүхэд нас хоёр минь үргэж сэтгэлд уяатай.

Мундаг ном

Ямар ч залуу хүний унших ёстой номын нэг бол яах аргагүй энэ. Өөрийгөө ойлгохоо байсан, ойлгохгүй байгаа, амьдрал нэгэн хэвийн урсаж байгаа юм шиг санагдаад байгаа, хүн бүр ганцхан чамайг л дээрэлхээд байгаа юм шиг бодогдоод байгаа бол энэ номыг заавал цаг гарган уншаарай. Бидэнд тохиолддог өдөр тутмын асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж болох талаар маш энгийнээр, хөгжилтэй байдлаар бичсэн нь уншихад дарамт болохгүйн дээр хааяа ч болов инээгээд авахад юу нь хэцүү байхав. Миний хувьд энэ номноос юуг өөртөө наасан бэ гэвэл: хүний амьдралдаа баримтлах зарчим юу байх вэ, өөрийнхөө талаар эерэг үзэл бодолтой байх нь амжилтын тэн хагас нь болдог, ямар ч хүн төгс байдаггүй, гагцхүү өдөр тутмын амьдралдаа өөрийн чадвар, эерэг сэтгэлгээгээ өсөн нэмэгдүүлж байх нь чухал юм гэдгийг ойлгосон.
Миний хамгийн дуртай ишлэлүүд:
*Чиний амьдралд юу тохиолдож байна вэ гэдэг чухал биш, харин тэр үед чи юу хийсэн бэ гэдэг хамгаас илүү чухал юм.*
*Тэгэхлээр чи ч би ч тийм сайхан дүр төрх, бие галбиргүй байж. Чи бид хоёр баян ч биш, бас мэргэн цэцэн ч биш байж. Тэгээд юу гэж?*
*Чи цагийн элсэнд бөгсөөрөө сууснаар хөлийн мөр гаргаж чадахгүй юм. Тэгээд ч хэн ер нь цагийн элсэнд бөгсний мөр үлдээхийг хүсэх билээ?‍* :)

Хэрэв уншвал та ч гэсэн дуртай ишлэлээ олж авч чадна гэдэгт итгэлтэй байна. ( энэ нээрээ монгол хэл дээр орчуулагдсан байдаг шүү)
 
Copyright Everyday is a new life. 2009. Powered by Blogger.Designed by Ezwpthemes .
Converted To Blogger Template by Anshul .