Sunday, April 18, 2010

Нойр хулжсан минь


Ээжийн минь багын найз тэнгэрт хальжээ. Насаар ч, биеэр ч чацуу, үеийн найз нь хальсан гэж бодохоор өөрийн эрхгүй сэтгэл эмзэглэнэ. Ард нь үлдэж байгаа хүүхдүүд нь, хань нөхөрт нь ямар хэцүү байгаа болоо. Хэрвээ ээж минь байхгүй бол бид хэд яаж амьдрах бол гэж бодохоос төсөөлж ч чадахгүй нь.

Унтахын өмнө нойр ч хулжаад, элдвийн юм толгойд эргэлдэнэ. Ээжтэйгээ үхлийн тухай, амьдралын тухай, өөрийн бодол мэдрэмжийн тухай илэн далангүй ярилцлаа.
Үхэл гэдэг үнэндээ маш хүнд сорилт юмаа. Хэрвээ аав минь амьд байсан бол өдийд ямар байх байсан болоо гэж эгч дүү бид үргэлж л төсөөлөн ярилцдагсан. Гэхдээ ээжийгээ ямар хүнд амьдралыг туулсаныг одоо хүртэл бид мэдэрч чадаагүй, мэдэх ч үгүй. Бод л доо, найдаж, ханилж, хайрлаж байсан хүн нь нэг л өглөө байхгүй болно гэдэг... Ингээд бодохоор хүн амьд байх хугацаандаа аль болох их аз жаргалыг амьдралаас шүүрч авах хэрэгтэй юм шигээ.
Аз жаргал гэдэг шоу цэнгээн хэсэж, өөрийн дураар авирлана гэсэн үг биш, харин өөртөө сэтгэл хангалуун, нэр төртэй, сэтгэл сайтай, сайхан бүхнийг бодож, биелүүлэхээс л эхлэх байх.
Хүн ер нь амьсгал хураах агшинд юу боддог бол? Өөрийгөө өнгөрчээ гэж боддог болов уу, ард үлдсэн бүлтгэр хүүхдүүдээ бодоод сэтгэл нь үймэрдэг болов уу эсвэл бүр тийм юм хийж амжуулах байжээ гэж боддог болов уу. Аль нь ч гэсэн харуусал дагуулдаг болохоор харамсахгүй л амьдрах юмсандаа.

0 comments:

Post a Comment

 
Copyright Everyday is a new life. 2009. Powered by Blogger.Designed by Ezwpthemes .
Converted To Blogger Template by Anshul .