Friday, October 30, 2009

Махатма Ганди

Энэ жижигхээн туранхай өвөө уул өргөж ус эргүүлж чадахгүй ч олон түмэн хүний санаа бодлыг эргүүлж чадах агуу хүч чадалтай байжээ.
Ганди гэж хэн байсан бэ? Киног нь олж үзэхээс өмнө, нэрийн төдий л байлаа. Харин одоо бол ямар их хүн болохыг нь, яагаад хүмүүс тэгж ам булаалдан ярилцдагийг нь ойлгох болсон. Ингээд түүний тухай киноноос олж авсан өчүүхэн мэдлэг, мэдрэмжээ бичсүү.
Мэдлэг боловсрол эзэмшиж, хэний ч дор орохгүйгээр амьдарч чадна гэсэн итгэлтэйгээр эх орондоо буцаж явах замдаа гутамшигтайгаар галт тэрэгнээс хөөгдөж буугаад, түүний хүсэл тийм ч амархан биелэхгүй гэдгийг, өөрийнх нь ард түмэн ямар их зовлон зүдүүр, доромжлолыг тэвчин амьдарч байгааг өөрийн нүдээр, харж, өөрийн биеэр амсана. Чухам тэр л цагаас эрх чөлөөний төлөө амь хайргүй тэмцэлээ эхэлжээ. Гэхдээ тэр бусадтай адил зэр зэвсэг барин тэмцсэнгүй, зөвхөн үнэнийг өөрийн жинхэнэ зэвсгээрээ сонгосон юм. Тэр хэзээ ч хүчирхийлэлийг хүлээн зөвшөөрч, түүнд бууж өгч байсангүй. Биеийг нь тамлан зовоож байсан ч сэтгэл дотроо үргэлж өөрийн бодлыг хадгалж, түүнийгээ амьд байлгаж, ямар ч нөхцөлд ард түмнийхээ оюун санааны эцэг нь байсаар иржээ. Энэтхэгүүд азтай улс юм, яагаад гэвэл тэдэнд Ганди байсан. Ганди байсан болохоор тэд эрх чөлөөгөө олж авч чадсан. Ганц хүн ч гэсэн их зүйлийг өөрчилж, түмэн хүнийг нойрноос нь сэрээж чаддаг юм байна.
Киноны төгсгөлд сэтгэл өвтгөж, уйлуулдаг хэсэг байна. Хэдийгээр Ганди улс орноо эрх чөлөөнд хүргэж чадсан ч тэдний дунд шашны том мөргөлдөөн үүсч, хэн нь хэнээсээ илүү вэ, хэн нь улсаа удирдах вэ гээд олон асуудал гарч ирнэ. Ганди ингэнэ гэж төсөөлөө ч үгүй байсан бизээ. Тэр сэтгэлээр унаж, хоолоо хорин тэнгэрийн оронд очих замаа наснаасаа эрт бэлдэж эхэлжээ. Үнэндээ гомдсондоо л тэр байх. Түүний бие өдөр ирэх бүр доройтож, ойр дотныхон нь санаа зовниж байлаа. Эцэст нь түүнийг хамгийн их будлиан гараад байгаа хотод зөөн аваачиж, Ганди өөрийгөө энэ газраас явж байгаагаа зарлалаа. Тэгэхэд юу болсон гэж санана!!! Зэр зэвсэг барин бие биенээ хөнөөж байсан хүмүүс зэвсэгээ орхин, цаашид эвтэй байх хэлэлцээрт хүрнэ. Ганцхан түүний л төлөө шүү дээ.
Хамгийн харамсалтай нь тэр ард түмнийхээ гарт амь үрэгджээ. Эвлэрэлийг хүлээн зөвшөөрч чадаагүй, өс хонзондоо баригдсан өчүүхэн нэгэн хүн агуу их Гандиг хороож зүрхэлсэн юм. Гэхдээ бид тэр хүнийг хэзээ ч дурсахгүйн дээр, хүн төрөлхтөн Гандигийн хийж чадсан агуу үйлийг үргэлж гайхан биширч, магтан дуулах бизээ.
Хэрэв Ганди зүгээр л хувь тавилантайгаа эвлэрээд сууж байсан бол яах байсан болоо?

0 comments:

Post a Comment

 
Copyright Everyday is a new life. 2009. Powered by Blogger.Designed by Ezwpthemes .
Converted To Blogger Template by Anshul .