...Бачимдсан салхи галзууран уурлаж, эцэс төгсгөлгүй шуурав. Нүүр нүдийг ороолгон балбаж улам чангаар:
“-Би үүнээс өндөр, томоос том цэцэг тарина.” гэж исгэрэн шүгэлдэнэ. Хамаг навч цэцэгсийг гөвж, өвс шороо, ер нь хийсгэж болох юуг ч болов хуйлруулан хамж улам дээшилсээр. Тэгэвч тэнгэрийн хязгаарт хүрч чадахгүйдээ бухимдан цамнаж, буцаагаад түүнийгээ дэлхийгээр нэг тарааж хаяв. Чингээд ядарсандаа нам гүм болж хааяа нэг үл мэдэг амьсгалах мэт үлээнэ.
. “-Өчнөөн бэрхийг туулсан тэсвэр тэвчээр, нөр их хөдөлмөрийн эцэст арай гэж ургуулсан юмсан” хэмээн мод гомдохын ихээр гомдож халаглана. Үндэс мөчирийнх нь үргэлжлэл, үр нахиа болсон бяцхан навчисаа жилийн жилд цамнан агсрах салхинд алдаад нүцгэрч хоцордог хөөрхий мод гунигтайяа сүглийнэ.
Гэлээ ч энэ бүхний дараа нэг л газраа, тэр л янзаараа эгэл даруухнаар ургасаар.
“-Хараач, Ямар гоё мод вэ?” гэж харсан бүхэн гайхан шагшиж, тэр л модны сүүдэрт хүүхэд хөгшид бүгдээр тухлах дуртай. Зарим нь навч мөчрийг гоёмсог туузаар чимж, үндэс ёроолыг нь услан тэтгэнэ. Түүний сүрлэг сайхныг биширсэн нэг нь бүдүүн модтой хамт зургаа хүртэл татуулах нь энүүхэнд. Баярлан цэнгэх тэднийг хараад мод сэтгэл тэнийн баясаж, мөчир юугаа өмнө нь дэлгээд амтат жимсээр дайлна. Түүний энэ аз жаргалант инээд хөөрийн чимээнээр салхи нойрноос сэрэв. Чингээд уур нь хүрч хөмхий зуун:
“-Яагаад ганцхан чамд бүгд хайртай байдаг юм бэ, яагаад чамайг л дуу алдан магтацгаах ёстой гэж” гээд улан доороосоо шороо авч хуйлран босов. Чингээд модыг тойрон шуурч эхлэхэд саяхан баярлан хөгжилдөж байсан бүхэн тус тусын зүг зугтан одоцгооно. Салхи үсээ сэгсийлгэж, хормойгоо дэрвүүлэн улам хөөрөн дэгдэв. Тэрээр модыг ганхуулан хүйтнээр исгэрч:
“-Яахаараа чи ийм бусдын анхаарлыг татсан үзэсгэлэнтэй болчихоо вэ? би чамайг үзэн ядаж байна” хэмээн дайралдсан бүхнээ сүйтгэн шидэлж, үүлсийг хүртэл атиралдуулан аадар бороогоор цутгаж гарлаа. Үүнээс гоё, үүнээс том цэцэг тарихаар өдрийн бодол шөнийн зүүдэндээ автсан салхи аянга ниргүүлэн гоёмсог модыг устгахаар шийдэв. Өндрөөс өндөрт саглайн ургасан үзэсгэлэнт мод:
“-Салхи минь дээ, би чамд ямар ч гэм хийгээгүй шүү дээ. Чамд ч гэсэн бүгд хайртай л байдаг шүү дээ. Гагцхүү мөчир навчийг минь бүү хугалаач дээ” хэмээн мэхийн байж гуйхад салхи улам уурсан ширүүснэ. Тэгээд хамгийн хайртай үр жимснүүдээ эрхлүүлэн ургуулдаг мөчрийг нь хуга татаж хаяад:
“-Хаха, би чамайг хэсэг хэсгээр нь хугалж хаяна. Чиний оронд миний тарьсан цэцгүүд өндрөөс өндөрт ургахыг харах болно. Тэгээд харсан бүхэн чамд биш надад мэхийн талархаг” хэмээн цуурайлуулан хашгирав. Хаа нэгтээгээс элдэв үр авчирч эргэн тойронд нь цацалсаар мөчир салаа нь хугараад арай гэж амьд үлдсэн хөөрхий модыг хахир хүйтнээр хучаад алсад хуйлран одов.
Дараа жил нь мод дахин цэцэглэж, урьдынхаас улам гайхалтай үзэсгэлэнтэйгээр ногоорон ургалаа. Үндэснээс эхлээд оройг нь хүртэл ганган ногоон навчис мөчирөө даган ургаж, амтлаг жимс энд тэндээс нь бөнжийнэ. Жигүүртэн шувууд түүн дээр үүрээ засч, саглагар модны сүүдэр доор амьтан бүхэн жаргалтай инээмсэглэн тухлав.
Хүмүүс түүний сүүдэрт амрахаар гоёмсог сайханыг нь бишрэн ирцгээлээ. Хүүхдүүд булгаас ус зөөж, аагим халуунаас авран сэрүүцүүлнэ.
Энэ үед салхи өөрийн тарьсан цэцэгсээ харахаар:
“-Миний тарьсан цэцэгс одоо ч талаар нэг ганхаж байгаа даа, хир өндөр ургасан бол” гэхээс тэсэж ядан зөөлөн зөөлөн хөвсөөр иртэл өнөөх мод урьдынхаас улам үзэсгэлэнтэйгээр сүндэрлэж байх нь тэр. Түүгээр ч барахгүй эргэн тойронд нь баярлан жиргэх шувууд, сүүдэрт нь амарч наадах олныг харав. Үүнийг харсан салхи уур нь хүрч:
“-Аан, муу саглайсан мод чи мөчир навчийг чинь юу ч үгүй хугалсан байхад яаж бүдүүн зүрхлэн аймшиггүйгээр...” гээд шороо атгахаар доош сарвайтал халгайнд гараа түлчихэв. Хорссондоо улам уурласан салхи гайхан байж:
“-Үгүй, үзвээс муухай чи чинь яахаараа энд ургадаг билээ?” гэхэд царай муутай лууль, арзгар ногоон халгай тэргүүтнүүд ам булаалдан байж:
“-Ачтай буянтай салхи эгч та өөрөө биднийг энд тарьсан билээ” гэх нь тэр. Урьдын адил тоос босгон, чулуу шороо шидэлж чадахгүйдээ ундууцсан салхи тэднийг налмайлган гишгэлсээр модны дэргэд очоод чагнавал модны сүүдэрт гар гараасаа атган суусан хос залуус:
“- Энхрий зөөлөн салхи минь ээ
Эелдэг зөөлнөөр сэвшээч дээ
Үзэсгэлэнт саглагар модны доор
Үүрдийн хайрыг минь гэрчлээч ” хэмээн түүнийг магтан дуулж байлаа.
Э.Үржинханд
1 comments:
AAAAn tiiiin Ene bid 2toi ner negtei neg zohiolch bdag ym bnleeee...Gehdee zohiolch gj anduuusan bj magadgvi...yamarch bsn shuleg,oguulleg bichdeg uran bvteeelch hun bnleee...Heden shulegnuuud ni l lav yaaag miniii amidrald tohioldoj bsniiig bichtsn bsn...hehehe...Ner negt dee Amjilt..nzdaa bs Amjilt:)oortoo bs:) B.Urjinkhand
Post a Comment